ТҮҮХЭН ТОВЧОО

Баянхонгор аймгийн Хүрээмарал сум нь Сайн ноён хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу Манжийн үеийн албан нэр нь Халхын хойт замын баруун гарын этгээдийн хойтон хошуу 1691онд хуучин халхын 7 хошууны нэг Сайн ноёны хошуунаас таслаж байгуулан нутаг нь баруун талаараа Баян хөөвөр, Дал, Ховол, Гурван шар, Богд шивээт уул, зүүн талаараа Улаан хошуу, Могойн хөндий, Байдраг голоор савлан Хангайн нурууны заг байдрагийн эхнээс Говийн хар аргалант хүрдэг байжээ. Одоо энд Заг,  Жаргалант сумын ихэнхи баруун тал Бууцагаан сумын нутаг бүхлээрээ Хүрээмаралын Зүүн хэсэг, Баянцагааны Хар Аргалантын хэсэг багтаж байна.

1691 онд Анхны ноён Тод  эрдэнээс эхлэн 1921 он жун ван Жамъяндорж хүртэл 12 ноён зэрэг залган сууж байснаас Жунван Жамъяндорж нь Богд хаант улсын үед цэргийн яамны сайд,хувьсгалын эхэн үед Тагна уранхайд тохижуулах сайдаар сууж байжээ. Жонон гүнийн хошуу албан нэр нь Халхын умар замын зуун гарын зуун этгээдийн хүшуу 1691 онд Сайн ноёны хошуунаас байгуулагдсан баруун талаараа Жаргалант,Үертийн нулуу, Тэгшбуянт уул, Хөөвөр, зүүн талаараа Эрдэнэвангийн нэр бүхий нутагтай хил залгаж Хангай нурууны Хар, Шар усны голын эхээс  Бор овоон давс хүртэл нутагтай Гурван булаг сум бүхлээрээ Баянбулагийн зүүн, Хүрээмаралын баруун талын ихэнхи багтана.

   1961 онд анхны ноён Ванчигаас 1899онд зэрэг залгасан алдарт Ятгач хуурч Пүрэвжав  хүртэл 10 ноёд байжээ. Жонон бэйл Пүрэвжавын хошуунд 1924 оноос Хүрээмарал уулын хошуу нутагт Баянхонгор аймгийн Гурванбулаг , Хурээмарал , Баянбулаг , Заг , Жаргалант сумдын нутгийн хагас, Шинэ жинст, Баян-Өндөр Баянцагаан сумдын нутгийн хэсэг орж Боржгон, Хошууд. Харчин, Хиргэс, Гурван шарынхан, Долоод, Мянгад, Олноход. Ѳөлд. Сартуул, Харчууд. Харгууд. Хорхой нүдтэн гэсэн овгуудад хуваагдаж байсан ба Хүрээмарал сумын иргэдийн овог нь Харчин байлаа.

            Эрдэнэ засаг Жамъяндоржийн хошуу 1924 оноос Богдхайрхан уулын хошуу нутаг Баянхонгор аймгийн Заг, Бууцагаан,  Жаргалант, Хүрээмарал, Баацагаан сумдын нутгийн хагас хамрагдаж байжээ. Сайн ноён ханы аймагт ноён ханы өнөөгийн Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгийн ихэнхи Завхан,  Хөвсгөл, Өмнөговь аймгийн хагас Булган аймгийн зарим нутаг Сайн ноён ханы эзэмшилд байсан болно. Сайн ноён хан аймгийн нутагт тамгатай 8 хутагт байв. Сүүлчийн хан нь Сайн ноён Намнансүрэн байжээ.

           1931 онд тус улсын засаг захиргааны хуваарийг дахин шинэчлэж хуучин 5 аймгийг Дорнод Хэнтий, Төв, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Увс, Ховд зэрэг 12 аймаг болгон зохион байгуулж илүү дамжлаг болж байсан олон хошуудыг татан буулгаж аймаг, сум, баг гэдэг засаг захиргааны 3 нэгж болгон байгуулжээ. 1938 онд Булган 1940 онд Баян - Өлгий, 1942 онд Баянхонгор, Говь - Алтай, Дундговь, Сухбаатар 1994 онд Орхон, Дархан - Уул, Говьсүмбэр аймгуудыг тус тус байгуулав.

             Монголын хангай, говь, тал хээр хосолсон үзэсгэлэнт сайхан нутагтай Баянхонгор аймаг засаг захиргааны 19 нэгжтэй. Түүний нэг нь тус аймгийн баруун хойт хэсэгт оршдог Хүрээмарал сум билээ. Сумын жинхэнэ нэр нь Хүрээмандал юм. Анх сумдын нэр, тамгыг батлах үед нутаг усны нэр, монгол бичиг юугаа муухан мэддэг нэгний " д " усгийг " р " хэмээн тайлж, " н " үсгийг гээж уншсанаар Хүрээмарал гэж батлагдсан гэдэг.

            Хүрээмарал сум 1921 оны Ардын хувьсгалаас өмнө Сайн ноён хан аймгийн Пүрэвжав жонон бэйлийн хошуунд харьяалагдаж байв . Тэр үед энэ нутгийн ардууд хамгийн хүнд хүчрийг нуруундаа үүрч , хаад ноёд , тайж нарт хамжлагдан зарцлагдаж , шашин сүм хийдийн нөлөөнд ихээр автахын зэрэгцээ манж , хятад хийгээд гадаадын хөрөнгөтөн , мөнгө хүүлэгчдийн эрхшээлд нухлагдаж байсны улмаас дэлхийн улс орнуудын хөгжлөөс хол хоцрогдсон байв .

             Ардын хувьсгал ялсны дараа 1923 оны хавар Хүрээмарал сум тэр үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн Богдмарал уулын хошууны Цоохор сум нэртэйгээр байгуулагджээ . Цоохор хэмээсний учир гэвэл Пүрэвжав жонон бэйлийн хошууны өмнөд хэсэг , Жамьяндорж вангийн хошууны Осор тайж , Нацаг тойны хамжлага албатууд зэрэг хоёр хошууны хүмүүс нэгдэн нийлснээс ийнхүү нэрийдэх болжээ . Тус сум Шарын худаг хэмээх газар анх ганц гэртэйгээр төвлөрч байжээ .

           Сумын захиргааны анхны даргаар нутгийн ард Вандан , намын үүрийн ууган даргаар Ойдовын Донëд , сумын захиргааны нарийн бичгийн даргаар Дугарын Мийсэнгэ сонгогдон ажилласан юм . 1924 онд Цоохор сумыг өөрчлөн Гурван Шар сум гэж нэрлэн даргаар нутгийн ард Бат - Очирын Нармандалыг , дараа нь ваанжуурын Лхамсүрэнг сонгон ажиллуулж байв . 1931 оноос эмэгтэйчүүдийг албан тушаалд дэвшүүлэх нэрийн дор бичиг үсэг үл мэдэх Б.Суръяа , дараа нь Ичинхорол нарыг сумын захиргааны даргаар сонгон ажиллуулах үед албан хэргийг эрхлэн хөтлөх чадваргүйгээс бэрхшээлтэй учирч байжээ .

             1931 оноос хамтрал коммун гэгчийг байгуулж , тус сумын 5 - аас доош бодтой ардуудын нэг хэсгийг Сэрвээ Доо гэгчийн удирдлагаар байгуулагдсан Буянтын коммунд , нөгөө хэсгийг Баянбулаг сумын нутагт буй болоод байсан хамтрал коммунд бадан оруулжээ . Үлдсэн хэсгийг 1932 оны зун бас нэгэн коммунд нэгтгэж Даваажав даргалж байгаад удалгүй цөм тарсан байна . Эдгээр коммун сайн дурын зарчмыг гуйвуулснаараа хөгжин бэхжиж чадаагүй нь нийтэд тодорхой юм . 1932 онд баруун хэдэн аймгуудад гарсан хувьсгалын эсрэг бослого үймээний зах сэжүүр энэ суманд Басхүү балаг тарьж нутгийн овилгогүй этгээдүүд анхны холбооны салбарыг тонон талж засаг захиргааны ажилтан , нам , эвлэлийн гишүүдэд занал хийсний уршиг хүндээр тусан хувьсгалт цэргийн Содномын отряд ирж орон нутгийн захиргааг төвшитгөн тохинуулж , хувьсгалын түр хороог байгуулан ажиллуулсан байна .

            Ийнхүү 1932 онд засаг захиргааг шинэчлэн төвшитгөсөн үеэс Хурээмарал сумын даргаар Г. Гэндэн ажиллаж эхэлсэн юм . Хүрээмарал сум 1933 оноос Говь - Алтайд , 1934-1940 онд Архангайд , 1941 оноос дахин Говь Алтайд харьяалагдаж Бөмбөгөр нэртэй Баянхонгор аймаг байгуулагдахад энэ аймагт харьяалагдан өнөөг хүрлээ .

2022-06-20 00:00:00